Monday, July 29, 2013

Mono гайхалтай байлаа, Шар Айраг сэтгэл гонсойлголоо. Бусдаараа бууз хуушуур.



         Бөглүү алсад сонсогдох цахилгаан гитарын нүргэлсэн чимээ, хаа сайгүй үзэгдэх хар подволкнууд, авангард стилтэнгүүд, урт үсээ задгайлсан эмэгтэйчүүд бас эрчүүд - сэтгэлийн гүн дэх дарж болдоггүй эрх чөлөөгөө энд нэг юм эдлэхээр ирсэн залуучууд бас бусад хүмүүс - би нь Playtime фестивал дээр хүрээд иржээ. 12дох жилдээ зохион байгуулагдаж байгаа наадмын уур амьсгал "Certified Hot" байлаа. 3 цагийн алдад Монгол шилтгээний үүдээр давхиад ортол харин нэг их майхан үзэгдсэнгүй, сүүдэр бараадаж засцгаасан л харагдана. Арга ч үгүй дээ бараг цельсийн 30 градус хүрч байсан байхаа тэнд. Жил болгон очихдоо (Энэ жил дөрөвдөх билүү тавдах нь) би найзуудтайгаа яг нэг суурин дээр майхангаа гүйж очоод зоочдог нь их сонирхолтой. Сонирхолтой зүйлс сайн ажвал тэнд зөндөө бий.

Дан бандага (эсвэл мини шорт?) лээвчиг хоёр дээрээ хар өнгөтэй торон нэвт харагддаг палааж унжуулсан охид, духаа индиан эсвэл хиппи стилээр ороосон, сараалжин сандаалтай бас дугуй малгаатай. Тэгэхээр нэг бол шагайгаа давсан палаажтай, эсвэл гуяа гаргасан мини шорттой бүр эсвэл хоёуланг нь давхарласан охид л миний нүдэнд үзэгдээд байхаар нь энэ жилийн моод гэсэн дүгнэлтэд хүрэв.


Хоёр гурваараа хөтлөлцөж алхана, элсэн дээр хөлбөмбөг тоглоно, модны сүүдэрт хөзөрдөнө, хөхрөлдөнө, хөлөө гаргаад сууна, учралцана, уулзаад байдаггүй танилууд тэнд таарцгааж улиг болсон асуултуудаа бие биенээсээ асууна. Ажлын ч бай, сургууль соёлын ч бай, бүр эртний ч бай тэр танилыхаа соёлт нийгэмд зүүгээд явдаг багаа тайлсан төрхийг хараад гайхшрана басхүү дотно санагдана.

Энэ жилийн наадам хэд хэдэн онцлогтой. "Үндсэн" болон "Жижиг" гэсэн хоёр тайз засч өгөн хоёр өдрийн турш хоёр талд зэрэг зэрэг дуугаар бөмбөгдөж өглөө. Хооронд нь их хол зайтай байршуулж өгсөн болоод ч тэр үү очиж байгаа хүмүүс нь ч гэсэн хоорондоо шал өөр юм шиг санагдаад эхэлсэн шүү. Үндсэн тайзан дээр бол яг л рок хөгжим сонсхоор ирсэн улаан галзуу, бараан, гүндүүгүй залуус босоогоороо, суугаагаараа, бүр хэвтээгээрээ тухлан үзнэ. Халуун наранд хар хувцас өмсчөөд тэнд удаан хугацаагаар толгойгоо дохиж зогсоно гэдэг бол хэр баргийн хүний хийчих ажил биш шүү нээрээ. Жижиг тайзруу зүглэж байгаа хүмүүс ихэвчлэн гэгээлэг өнгийн хувцастай, beach party-д зориулж хувцасласан байртай. Хөтлөгчгүй үргэлжилсэн нь жаахан эзгүй ч санагдах шиг. Уул нь жил болгон нэг хамтлаг гарч ирээд дуулаад дууссны дараа урт үстэй дундаж нуруутай бор нөхөр гарч ирээд орилоод байдаг байсансан, дасч орхисон юм байх.Тоглолтын хажуугаар амны зугаа гаргачих, цагийг хөгжилтэй өнгөрөөчих үзвэр үйлчилгээний газрууд бас л хомс хэвээрээ. Хуушуур уу? кебаб уу? бургер үү? хоолны мэню бараг л ийм. UB Kebab-аас нэг хуймаг аваад идтэл маханд нь шүдээ хугалчих дөхлөө. Гэнэт өөрийгөө гаднаас нь ажтал яг л зомби хүн бариж иджаагаатай адил хамаг ам хамраа соус болгоцон хоёр гараараа хуймагны махаа барицан нүд нь улаанаараа эргэлдцэн сууж байх юм. Харин пиво ууя гэвэл боргионоос өөр сонголт байхгүй нь бас л гайхаад зүйл биш.

Тоглолтоос өөр хөгжөөх бага сага "interactive" зүйл гэвэл талбайн голд нэг их том цагаан зүрх хийлээд зогсоочиж. Тэрэн дээр нь улсууд нэрээ бичиж, зүрх зурж, хайртай дуртайгаа ирклаамдаж байхаар нь юугаар дутхав өөрийнхөө нэрийг бас бичээд л орхисон, 2дох өдрийн орой хаалтын тоглолтын үеээр шатаагаад нисгэчих шиг болсон, хогийн савруу биш шатаад дуусч байгаа нь яамай даа. Хажууханд нь ваннд цементтэй усан дотор нэг хүн цементээр нүүрээ бүрхцэн дээшээ хараад хэвтэж байх юм. Баахан эргэлзэж байж хүрээд үзсэн амьд хүн биш л юм билээ л дээ, бас толгойноосоо гарсан аягүй урт эвэртэй юм. Аймар гайхаад нэг рокер байрын ахаас ямар учиртай болохыг нь асуутал юу ч хэлэхгүй толгойгоо сэгсэрч байгаа нь намайг юу ч мэдэхгүй бацаан гэж дүгнэсэн байх.

Миний хувьд энэ жилийн хамтлагуудаас хамгийн их үзэхийг хүлээсэн нь White Shadow, Nisvanis, The Lemons, The Compass, One Way, Mohanik, мөн Шар айраг хамтлагууд байв. Nisvanis Playtime2013 наадам эхэлж байхад дуулсан нь жаахан онцгүй ч шинэ цомог нь гарах гэж байгааг сонсоод сад тавих шахав /инээв. сурв/ Дараа нь гол дээр очиж хэсэг амраад ирэхэд "Зүгээр л", оросоос ирсэн "Шторм" тоглож, тэнд үзэж буй наадамчин олныг жинкэн доргиож байв. Эхний өдрийн хамгийн сүүлд The Lemons хамтлаг гарч ирээд "Байсан" гэдэг дуугаа дуулахад би гэдэг хүн хорвоогоос халиад явчих шиг л болсон. Тоглолт 12, 1 цаг гээд л дууссан байх, гэтэл би майхандаа үүрийн 5 билүү 6 болж байхад орж ирдэг байгаа.

Маргааш орой нь White Shadow тоглож өндөр давтамжаар орилоод ирэхэд бас хүнээс ийм өвөрмөж хоолой гардаг аа гэж гайхах. White Shadow-ийг түрүү жил "Мах" гэдэг дуугаа дуулахад нь л маш их таалагдсан, энэ жил яг л тэр хэвээрээ бут авсан даа (Дуучин нь харин халзан байлуу?) "Шар Айраг" энэ жил Pink Floyd-ийн дуунуудыг cover хийнэ гээд байсан харин жинкэн молиго модон хошного болвоо. Яажугаан тэд нар одоо? Хүнүүс цаана чинь та нарыг үзэх гэж догдолж ирж байхад чэн!! Тэхдээ тэгж их сэтгэлээр унаагүй ээ. Учир нь MONO гэдэг Японы post-rock хамтлаг сэтгэлийн чавхдасыг гитарандаа хийж байгаад бүтэн цагийн турш гайхалтай аялгуу тоглож өгөв. Шударгаар хэлэхэд манай хамтлагууд дотор тийм гайхалтай аялгуутай, хөгжмийг сэтгэл зүрхнээсээ тоглодог хамтлаг олдоогүй шүү. Үггүй дан ая гэхэд үзэгч олныг үнэнчээр тэр хөгжмийг сонсгож чадаж байгаа нь MONO хамтлаг ямар мундаг болохыг батлана. Хаа холоос ирсэн, ондоо соёлтой, зүсийг нь ч хараагүй гадны хүмүүс зөвхөн хөгжмийн зэмсгээр сэтгэлд тэгж нөлөөлнө гэдэг амьд хөгжим ямар гайхалтай вэ гээд коридороор хашгираад гүймээр. MONO хамтлагийн дуунуудаас доор хэдэн холбоос тависан ороод сонсоорой.
Ганц хоёр өдөр ч гэсэн паартай байшин, паалантай жорлонгоос минь хөндийрүүлж цэвэр агаарт хөгжим сонсож хэвтэх сайхан байлаа. Дараа жилийнхээр дахиад очих байлгүй.

https://soundcloud.com/sempreme/mono-ashes-in-the-snow
https://soundcloud.com/sempreme/mono-follow-the-map
https://soundcloud.com/sempreme/mono-the-battle-to-heaven


No comments:

Post a Comment