Гэрэл удаан уулзаагүй ангийнхантайгаа уулзахаар автобусанд суун явж байлаа. Удаан ч гэж дээ төгссөнөөсөө хойш гурван жил царайг нь тогтож сууж хараагүй тэрээр уулзая гэсэн фейсбүүк дээрх албан ёсны урилгыг нь дуртай хүлээж авч уулзахаар догдолж буй. Хоцорч сураагүй зангаараа их л эрт гэрээсээ гаран, бас бус ажил амжуулан завгүй явсаар уулзах цаг нь хараахан тулаагүй байсан тул санаа амар хотын иргэдтэйгээ цуг Хар хорингийн буудал дээрээс автобусанд амжиж суун хөдөлсөн аж. Хагассайн өдөр байсан тул зам ч түгжрээгүй байгаа гэсэн найдлага тээн суусан түүнээс кондуктор мөнгөө нэхэхэд нь түрүүвчнээсээ 5000 төгрөг гаргаж өгч задлуулахдаа "Таксинд суусан бол дор хаяж 3-ыг өгөх байсан даа" гэж бодон багахан олзуурхан жуумалзаж их л мөнгө хэмнэж байгаа адил хөөрнө. "Цаг болоогүй байхад яарч очиж юугаа ч хийх билээ. Дандаа л юу ч болоогүй байхад ганцаараа л хамгийн эрт очдогсон, манайхан ямар цагаа барих биш. Ер нь 10, 20 минут хоцроод очсон ч яадаг юм, элитүүд чинь хамгийн сүүлд морилдог гээ биздээ?" гэсэн атгаг ч юм шиг санаа агуулчихсан суун явж байлаа. Сууж ч яваагүй юм байна аа хөөрхий. Хоосон сандал байсан авч яг хажууд нь цүдгэр гэдэстэй эмэгтэй хүн зогсож явсан тул сайн иргэнийхээ үүргийг гүйцэтгэн түүнээс түрүүлж суухыг урисан боловч цүдгэр гэдэстэй эмэгтэй өөдөөс нь харсан болоод татгалзсан хариу өгч чанх урагшаа ширтэн цүнхээ гараараа тас атгасаар зогсох аж.
