Monday, June 9, 2014

Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө.

        
Гэрэл удаан уулзаагүй ангийнхантайгаа уулзахаар автобусанд суун явж байлаа. Удаан ч гэж дээ төгссөнөөсөө хойш гурван жил царайг нь тогтож сууж хараагүй тэрээр уулзая гэсэн фейсбүүк дээрх албан ёсны урилгыг нь дуртай хүлээж авч уулзахаар догдолж буй. Хоцорч сураагүй зангаараа их л эрт гэрээсээ гаран, бас бус ажил амжуулан завгүй явсаар уулзах цаг нь хараахан тулаагүй байсан тул санаа амар хотын иргэдтэйгээ цуг Хар хорингийн буудал дээрээс автобусанд амжиж суун хөдөлсөн аж. Хагассайн өдөр байсан тул зам ч түгжрээгүй байгаа гэсэн найдлага тээн суусан түүнээс кондуктор мөнгөө нэхэхэд нь түрүүвчнээсээ 5000 төгрөг гаргаж өгч задлуулахдаа "Таксинд суусан бол дор хаяж 3-ыг өгөх байсан даа" гэж бодон багахан олзуурхан жуумалзаж их л мөнгө хэмнэж байгаа адил хөөрнө. "Цаг болоогүй байхад яарч очиж юугаа ч хийх билээ. Дандаа л юу ч болоогүй байхад ганцаараа л хамгийн эрт очдогсон, манайхан ямар цагаа барих биш. Ер нь 10, 20 минут хоцроод очсон ч яадаг юм, элитүүд чинь хамгийн сүүлд морилдог гээ биздээ?" гэсэн атгаг ч юм шиг санаа агуулчихсан суун явж байлаа. Сууж ч яваагүй юм байна аа хөөрхий. Хоосон сандал байсан авч яг хажууд нь цүдгэр гэдэстэй эмэгтэй хүн зогсож явсан тул сайн иргэнийхээ үүргийг гүйцэтгэн түүнээс түрүүлж суухыг урисан боловч цүдгэр гэдэстэй эмэгтэй өөдөөс нь харсан болоод татгалзсан хариу өгч чанх урагшаа ширтэн цүнхээ гараараа тас атгасаар зогсох аж.
Нэгэнт өөрөө суухгүй гэдгээ илэрхийлсэн Гэрэл суучихаж болдоггүй бантан их л эв хавгүй цүдгэр гэдэстэй эмэгтэйн хажууд нь бас л бариулаас зууран зогсох нь даруухан байрын хос санаандгүй байдлаар ам зөрчихөөд үг солихгүй яваа мэт харагдана. Тэр байдал ч нэг их удалгүй замхраад түүний толгойд харин ангийхаа "хүүхдүүдийн" төрх хэрхэн өөрчлөгдсөн бол, хэн хэн хүүхэдтэй болчихсон, яажшуухан аж төрч байгаа бол гэсэн бодол эргэлдэнэ. Заримтай нь ч хааяа шогшож явахдаа дайралдан сайн байгааг нь асуун, дугаарыг нь мэдэхгүй ч заавал залгахаа амлан салж л байдаг юм. Зарим нэгтэй нь Компьютер Ландад халз тулгарсан авч нэрийг нь санахгүй хөгтдөгийн даваан дээр санаж их л сайн найзууд явсан мэт нэрийг нь бахдалтайгаар чанга дуудаж гар барицгааж л байлаа. Заримыг нь ч мэдэхгүй ээ, шилжээд гарчихсан нөхдийг бүр ч санахгүй байна. Харин нэгдүгээр курсдээ цугласан цагаас л нүдэнд тусч, нэг хэсэг оюутан насных нь бараг утга учир мэт санагдаж явсан охид - дуу сонсож алхахдаа, сургуулийн үүдэнд завсарлагаанаар амарч суухдаа тэр охины л талаар бодохыг хүсч битүүхэн тэр хавьдаа драма үүсгэчихдэг байсан атлаа зориглон байж бүжгэнд урисан тэр өдөр хурдхан дуусгаад найзуудтайгаа нийлэхийн хүслэн болж байсансан. "Нөгөө бүдүүн Баяраа айхтар турчихсан зургаа фейсбүүк дээр тавиад л байсан, яаж ингээд турчихдаг байна аа. Одоо ч зүгээр өөдөөс цээжнийхээ булчинг гайхуулаад бөөн юм болох юм байх өө. Би ч гэсэн завтай болохоороо тэр фитнесст нь явж буяны гүзээнээсээ хорооё оо байз." ингээд бодож байтал утас нь дуугараад хартал ангиас нь ганц холбоотой байгаа найз нь залгаж байлаа. "Байна уу Хангай, байна байна. Очиж явна аа жаахан түгжрээд байна" ингэж хэлээд цонхоор хартал нээрэн машинууд цувчихсан байгаа харагдана. "Чи өөрөө очсон юм уу? Юун тортоор яах гээд байгаан, ямар төрсөн өдөр бишдээ! Хаха за 10 минутын дараа оччих байхаа. Окей" гэж хэлээд тасалтал сууж яваа автобус нь мэлхийний хурдаар давшиж байна гэнэ. Бухимдах зүйл мундах бишдээ ямар. Хагассайн бүтэнсайн, шөнө оройгүй түгжирдэг замтай болж байгаа юм байна л даа энэ хот чинь! Цагаа хартал болзсон цагаасаа 5 минут хоцорч байлаа. "За яахав жаахан хоцорч л очих юм байна, одоо яая гэхэв. Ингэхэд Анир ирэх болов уу?" Сүүлд тэр хоёр хонхны баярын зугаалгаар амралтанд амарч байхдаа чухамхүү л яриа нийлж, ихэд хөөрөлцөж суусан даа. Гурав хоногийн зугаалгыг гүйцээлгүй Анир гэрийнхэнтэйгээ гадаад явж амарна гэдэг шалтгаанаар талаас нь хаяад явсан. Яг тэр мөчид Гэрэл ямар үнэтэй хүнийг анзааралгүй энэ хэдэн жил явсан аа ойлгож байж билээ. Салаад явахад нь гоморхож, хотод очихоороо хамт ажил хайж явна гэж амлацгаагаад салахдаа гурван жил хэл чимээгүй байх юм гэж хэрхэн санах билээ. Сураг дуулах нь ээ Анир маань 1 жил Австралид сурч байгаад хүрч ирээд одоо бол хотдоо л суурьшилтай байгаа юм билээ. Түүнтэй уулзах байх гэж бодохоор өөрийн эрхгүй баярлах аж. "Чөтгөр ав ингэхэд энэ нэг юм хөдлөх нь үү?" ахиад цагаа хартал одоо бол уулзах ёстой цагаасаа 20 минут хоцорч байв. Автобус нь жаахан ч атугай урагшилж байгаа шинж алга. Дотор нь байгаа иргэд их л халууцсан, залхсан харцтай сууцгааж байна. Жаахан л гүрийчихвэл энэ гол замаас гараад цаашаагаа түгжрэлгүй замаар хурдан давхиад оччихно доо гэж найдан зогсоно. Бүгд л тэгэж бодоцгоож байгаа аж. Ахиад 5, 10 минут өнгөрлөө ердөөсөө хөдөлдөггүй. Найз Хангайгаас нь гадна 2 мэдэхгүй дугаар утас руу нь залгасан байв. Юу гэж хэлэхийг нь мэдэж байгаа тул авсан ч үгүй таслаад л орхино. Цонхоороо хартал урд нь өчнөөн олон машин эгнээд зогсчихсон, бүр нэлээд цаана тасарцгааж байх юм. Сайн ажваас тээр цаана нь 5, 6, бүр 7 ч юмуу машин, микро, автобуснууд хоорондоо үнсэлдэцгээгээд зогсчихсон ажээ. "Мэдээд байсан юм аа, ингээд л явахгүй байж" Гараад алхчихья гэхээр хоёрын хооронд юм болчих гээд, эндээ үлдэх юм бол хэзээ суларч гарах нь мэдэгдэхгүй бүрхэг ирээдүйтэй. Иргэдээ хартал бүгд л бухимдсан авч тэвчээртэй хүлээцгээгээд л суух юм. Байсхийгээд л хаазаа өгөх нь ядахад жаахан итгэл найдвар өгөөд байх юм аа. Тэгэж тэгэж Гэрэл тэсэхээ байгаад цаашаа гүйхээр шийдэж хаалга онгойлгонгуут үсрээд буутал тархи нь дүйнгэтээд, чих нь шуугитнаад л явчихав. Сэртэл эмнэлгийн орон дээр толгойгоо боолгуулчихсан хэвтэж байв. Ширээн дээр нь халуун савтай цай, шоколад, амттангууд өрөөстэй. Юу болсныг санах гээд хичээхэд толгойгоор нь янгинан өвдөнө. Гэрийнхэн нь ирсэн бололтой, ээжийнхээ гарын буузыг хоолны саван дотроос төвөггүй танилаа. "Би ингэхэд ангийнхантайгаа уулзахаар явж байсан биш билүү?" Ингэж бодоод Гэрэл гутлаа өмсхөөр эртэл сувилагч орж ирээд түүнд юу болсныг тайлбарлаж өглөө. Автобуснаас гараад дөнгөж гүйтэл бас нэг тэвчээрээ барсан жолооч явган хүний замруу давхиж орохоор хурдалтал түүнтэй учирсан ажээ. Азаар сайн жолоочтой таарч түүнийг дүүргийн нэгдсэн эмнэлэгт авчран хэвтүүлсэн бөгөөд, гэрийнхэнтэй нь ч холбогдож байдлыг учирласан байна. 24 цаг ухаангүй хэвтчихжээ. "Одоо ч ангийнхантай, Аниртай уулзах худлаа боллоо доо?" сувилагч түүнийг буцаж хэвтэхийг зөвлөж гэрийнхэнтэй нь холбогдохоор гарлаа. Харин Гэрэл босч хувцасаа шүүгээн дотроос олоод гарахаар эргэтэл шүүгээний дээрээс захиа оллоо. Нээж үзвээс "Бид нар юу болсныг чиний утас руу залгаж мэдээд шууд ирлээ. Эмч хэлэхдээ удахгүй ухаан орно гэсэн. Гэхдээ гадны хүн сахиж хонуулахгүй гэсээн, ээж чинь чамайг сахиж хоносон. Маргааш өглөө очиж эргэнэ. Хурдан эдгээрэй." гэж бичсэн байлаа. Харин доор нь нэрсээ бичсэн байсан нь ангийн 5 хүүхдийнх ажээ. Хангай, Баярхүү, Цэрэн, Болор, Анир гэсэн байлаа.


2014.04.28

No comments:

Post a Comment